Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
ХУДНЭмнэлэг ХУДүүргийн 0-17 насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тус эмнэлгийн яаралтай тусламжаар үйлчлүүлэгч хүүхдүүдийн дийлэнхи хувийг 0-5 насны хүүхдүүд эзэлж байна. Ирж буй хүүхдүүд голдуу өндөр халуурч, ханиалган цээж шуугих, бөөлжин суулгах зовиуртай, өндөр халуурч татах шинжтэй байгаа бөгөөд янз бүрийн тууралт биеэр нь туурсан хүүхдүүд ч нилээдгүй байна. Иймд эцэг эхчүүд хаврын цаг агаарын тогтворгүй байдалд тохируулан хувцаслах, хүйтэн салхинд ам хамрыг нимгэн алчуураар боох, маск зүүх шаардлагатай. 21 дүгээр зуун “Харшлын зуун” гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Орчин үед цаг агаарын өөрчлөлт, хоол ундны өөрчлөлтөөс болж харшилтай хүүхэд олширсон энэ үед хүйтэн салхи бага насны хүүхдийн ам хамраар орсноор гуурсан хоолойн агчлыг нэмэгдүүлэх шалтгааны нэг болж, ханиалга ихэсч цээж шуугин амсьгаадах шинж их байна. Ханиад хүрч халуурах үед хүүхдэд амаар бүлээн шингэн хангалттай уулган сайн шээлгэх нь халуун хурдан бууруулахад тустай бөгөөд халуурах үед амьсгаадан амьсгал болон хөлсөөр алдсан шингэнийг нөхөж, хордлого тайлах ач холбогдолтой. Мөн толгой гар хөлийн булчинг нойтон алчуураар арчин халуун бууруулах энгийн аргуудыг хэрэглэх нь зүйтэй бөгөөд биеийн халууныг үзэж, халууны хэм 38 болсон үед халуун бууруулах эмийг хэрэглэх нь зүйтэй. Халуун бууруулах эмийг хүүхдэд дур мэдэн тун хэмжээг тохируулахгүй хэрэглэх нь элэг дэлүүг гэмтээн цус алдах эрсдэл өндөр гэдгийг анхаарч байвал зохино. Мөн эцэг эхчүүд бага насны хүүхдэд өгөх хоол хүнсийг насанд нь тохируулан хэрэглэж, гарын эрүүл ахуйг сайтар сахих, тэр дундаа 1-ээс дээш насны хүүхдийн гарыг тогтмол угааж байх нь халдвар авахаас сэргийлж, бөөлжих суулган хордлогот орох эрсдэлийг багасгана гэдгийг анхаарах нь зүйтэй. Ханиад хүрч нус гоожин халуурах, бөөлжих суулгах шинж илэрсэн хүүхдийн асаргааг сайжруулан, өрхийн эмчид үзүүлж цэцэрлэг, сургуульд явуулахгүй байх нь өөрийн хүүхдийг хүндрэхээс сэргийлж, бусад хүүхдүүдэд халдвар тараахгүй байх ач холбогдолтой юм. Хэрэв хүүхдэд ямар нэгэн тууралт гарсан бол өрхийн болон халдвартын эмчид үзүүлэх шаардлагатай.
ХУДНЭ ЯТЭЭТасгийн эрхлэгч, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч Ч. Цэцэгээ
2018 он 04 сар 18