Бөөрний өвчнөөс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

Бөөрний өвчнөөс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

Бөөрний өвчин гэж юу вэ?

     Бөөрний өвчин нь шээсний хам шинж, хавагнах, даралт ихсэх, өвдөх, бөөрний дутагдлын гэх мэт хам шинжүүдээр илэрдэг. Манай орны цаг уур, хүн амын төвлөрөл, хөдөлмөр эрхлэлтийн байдал, амьдралын орчин, стресс зэрэг олон шалтгааны улмаас хүн амын дунд бөөр шээсний замын өвчлөл тэдгээрийн хүндрэл харьцангуй их байна.

Бөөр гэдэг эрхтэн ямар бүтэцтэй, хүний биед ямар үүрэгтэй вэ?

      Бөөрний бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж нефрон юм. Насанд хүрэгчдэд 2-2,5 сая нефрон байдаг. Энэ нь өөрөөр хэлбэл маш олон тооны хялгасан судасны багц бөгөөд шээсийг үүсгэх, ялгаруулах, электролит болон уургийн зөөвөрлөлт, дотоод шүүрлийн үйл ажиллагаа явуулах гэх мэт олон үүрэгтэй. Тийм ч учраас бөөрний үйл ажиллагаа нь алдагдахад олон эрхтэн тогтолцоо гүнзгий хямралд орж улмаар тэдгээрийн хэвийн ажиллах боломж нь алдагдана. Тэрчлэн олон эрхтэн системийн өвчний үед бөөр өөрөө хоёрдогчоор өвчлөх нь их байдаг.

Хүн амын нийт өвчлөлийн дунд бөөрний эмгэг 5-рт ордог. Бөөрний өвчлөлийн дотор аяганцар тэвшинцэрийн үрэвсэл /пиелонефрит/ 60 хувь, түүдгэнцэрийн эмгэг /гломерулонефрит/ 20 орчим хувийг эзэлдэг. Пиелонефрит нь өвөрмөц бус нянгаар үүсгэгддэг. Эдгээрээс гэдэсний савханцар буюу E.Coli хувийг эзэлж байна. Заримдаа архагшаад даамжрах явцад хэд хэдэн нянгийн хослолоор үүсдэг. Пиелонефритээр залуу эмэгтэйчүүд, ахимаг насны эрэгтэйчүүд илүү өвчлөмтгий байдаг. Ялангуяа эмэгтэйчүүдийн 2/3 нь энэ өвчнөөр өвддөг нь эмэгтэй хүний шээсний анатоми физиологийн онцлог, жирэмслэлт төрөлт зэрэгтэй холбоотой, мөн ахимаг насны эрэгтэйчүүдэд түрүү булчирхайн томрол зэрэг олон шалтгаануудаас болно.

Эрэгтэйчүүд харьцангуй бага өвчилдөг нь шээс ялгаруулах замын бүтцийн онцлогоос гадна түрүү булчирхайн шүүрэлд агуулагдах нянгийн эсрэг биологийн идэвхтэй холбоотой. Гломерулонефритийн шалтгааны 70-80 хувийг стрептоккийн халдвар буюу ангина, шүд хорхойтох өвчин /кариес/ үүсгэж байна.

 Пиелонефрит өвчний үед ямар шинжүүд илрэх вэ?

Пиелонефрит өвчний үед ууц нуруугаар чилж хөшиж өвдөх, хэвлийн доод хэсгээр өвдөх, нүүр зовхиор цэлхэрч хөөнгөтөх, ойр ойрхон шээх, шөнө шээх, шээсний өнгө үнэр өөрчлөгдөх зарим тохиолдолд даралт ихсэх шинжээр илэрдэг.

Хүмүүс нуруу ууцаар өвдөх үед бөөр өвдөж байна гэж ойлгодог. Гэтэл нурууны зарим эмгэгүүд, эмэгтэйчүүдийн өвчний үед ч дээрх зовиур илэрдэг учраас үүнийг ялган оношилж шинжилгээгээр тодруулах хэрэгтэй.

Бөөрний өвчний үед ямар шинжилгээг өгөх вэ?

-Шээсний ерөнхий, шээсний нянгийн шинжилгээ, цусны дэлгэрэнгүй, биохимийн шинжилгээ, чанд авиа буюу эхо, шаардлагатай тохиолдолд рентген изотол, компьютер болон бусад шинжилгээнүүд хийгддэг. Ялангуяа зарим хүмүүс зовиур илрэнгүүт дур мэдэн эсвэл эмийн сангаас асууж эм уугаад зовиур намдахгүй болохоор шинжилгээ өгдөг. Гэвч антибиотик хэрэглэсний улмаас шинжилгээнд өөрчлөлт илрэхгүй архагшдаг. Ингэснээр сүүлийн үед эмэнд дасалтай нянгаар үүсгэгдсэн үрэвсэл ихсэж байна.

Өвчилсөн үед эмчлүүлэхгүй удаан явснаас үүсэх хор уршиг юу вэ?

Пиелонефритийн хурц үрэвслийг сайн эмчлээгүйгээс архагт шилжих ба хоёр бөөрийг хамарсан архаг пиелонефритээр олон жил өвчилсний эцэст бөөрний эд хатингаршиж, цусны даралт ихсэх зарим тохиолдолд бөөрний архаг дутагдалд хүргэдэг. Гломерула нефритийн 70 хувь нь бөөрний архаг дутагдалд ордог.

Бөөрний өвчнөөс сэргийлэхэд хамгийн чухал нь халдварын голомтыг цаг тухайд нь эмчлэх буюу шүд, хоолойг эрүүлжүүлэх, ханиад томуугаас сэргийлэх улиралдаа тохируулан дулаан хувцаслах, даарч хөрөхгүй байх, илчлэг сайтай хоол хэрэглэх нь чухал байдаг.

 

ХУДНЭмнэлгийн Их эмч Н.Өнөрбаяр

Хан-Уул нэгдсэн эмнэлэг

Related Posts

ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Comments Off on ТАРВАГАН ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Мацаг барих нь эрүүл байх үндэс юм

Comments Off on Мацаг барих нь эрүүл байх үндэс юм

ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙХ ТҮР ЗААВАР

Comments Off on ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙХ ТҮР ЗААВАР

ХҮҮХДҮҮДЭЭ ОСОЛ, ГЭМТЛЭЭС ХАМГААЛЪЯ

Comments Off on ХҮҮХДҮҮДЭЭ ОСОЛ, ГЭМТЛЭЭС ХАМГААЛЪЯ

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног – 2022.08.01-08.07

Comments Off on Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног – 2022.08.01-08.07

ЦУСНЫ ДАРАЛТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ

Comments Off on ЦУСНЫ ДАРАЛТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ

ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ХДХВ,ДОХ-ЫН АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ӨДӨР

Comments Off on ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ ХДХВ,ДОХ-ЫН АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ӨДӨР

Create Account



Log In Your Account